libertari.mn | Форум
Блог хайлт:

Гал унтраагч улс төрчид УЛС ТӨРИЙН ГАЙ ТҮЙГЭР

Монголчууд бид болохгүй бүтэхгүй зүйлийг "Хаанаас хийсч ирсэн гай вэ" гэж асуудагсан. Одоо ч асуугаад байх юмгүй "гай түйтгэр" улс төрөөс л хийсч ирдэг болоо шив дээ.

Гай түйтгэр гэснээс улс төр өөрөө тийм ч гайтай зүйл уул нь биш л дээ. Эрх чөлөө, ардчилал, шударга ёс гэх мэт олон зүйл улс төрийн хүсэл эрмэлзлэлээр тэтгэгдэж байж л, хүн бүрт хамаатай хөгжил дэвшлийг бий болгодог. Харамсалтай нь эрх чөлөөнд тулгуурласан хөгжил, шударга амьдралын хэв маяг, ардчилсан үйл явцыг улс төрийн урт хугацааны бодлогоор дэмжихээсээ илүүтэйгүүр, ахар хугацаанд нэр горилон, баатарлах хэнээд автаж, гал унтраагчын дүрд тоглон, гавьяа шагнал, эрх мэдэлд донтогчид манайд их байна. Ийм донтой, тэгээд бас чамгүй чадварлаг буянлаг дүр исгэгчдийг би "Гал унтраагч улс төрчид" гэж нэрлэх дуртай.

Гал унтраагч улс төрчдийн - сонсоход эх оронч, ард иргэдийнхээ төлөө мэт дуулдах буянлаг санаачилгууд нь амьдрал дээр буухаараа тун өөр зорилготой, арчаагүй зүйл байдаг нь ёс. Арчаагүй байгаад зогсвол ч яая гэхэв. Гэтэл тэр санаачлагууд нь эрх чөлөөг боймилон, иргэнийг цөхрөөж гай удахыг яана. Удсан гай нь өнөөдөр Монголд: Бизнесийг дампууруулж, төрийг авилгажуулан, баялагийг зах зээлийн хуваарилалтаар бус улс төрийн хуваарилалтаар хувиарладаг болгов; Хэн нэгэн баян эсвэл ядуу байх нь тэр хүний авъяас чадвар, боловсрол мэдлэгээс шалтгаалах бус улс төрөөс шалтгаалдаг болов; Ажилтай, амьдралтай байх нь аль намын гишүүн гэдгээс хамаардаг болоод удлаа; Бизнест амжилттай байна гэдэг улс төр амжилттай хийж буйн илрэл болдог боллоо; Улс төрд өндөр авч байна гэдэг төрийн нэрээр тонуулаа сайн хийж, гараа бусдын халаасанд гүнзгийхэн дүрж чаддаг болсныг илтгээд зогсохгүй, улс төрчдийн энэ "дээрэм" нь нийгмийн бүх хүрээнд хэвийн зүйл мэт халдварлан, удамшиж эхэллээ.

Уул нь хэн боловч баяжих боломж нь нээлттэй, баяжина гэдэгтэй итгэлтэй байж, өөрийн авъяас, хөдөлмөрөөрөө хөрөнгөждөг байх нь шударга бөгөөд жам ёсны байдаг. Чөлөөт нийгмийн мөн чанар, үнэ цэнэ нь үүнд л оршдог. Гэтэл гал унтраагч улс төрчид "бүх зүйлийг бид хийнэ", "бүх асуудал бэрхшээлтэй", "бидний тусламж, оролцоогүйгээр та нар юу ч хийж чадахгүй", "хэн ч юунд ч хүрэхгүй" гэсээр шилжилтийн гэх нэртэй "галын туршилтын талбай"-даа Монголыг гацааж орхилоо. Энэ гацсан газар нь чөлөөт зах зээл чөдөртэй болж, эрх чөлөө иргэнд бус төрд данслагдаж байна.

Улс төрийн харалган мунхаг бодлогын гайгаар "гал" ч их гарч, гал унтраагч улс төрчдөд ажил ч их олдож байна. Даанч харамсалтай нь тэдний ажилд гавиж буй юм тэр бүр харагдахгүй, бүгд л "Нүглийн нүдийг гурилаар хуурав" гэгчээр асуудлыг аргацаасан үлгэн салган бодлоготонгууд. Ул суурьтай, урт хугацааны шийдэл хийх зүрх зоригтой Лидер улс төрд лав алга. Уул ус дахин, морь бөх хөөж, найр наадам хэсдэг ноёд, хатад л элбэг байх шив.

Эмгэнэлтэй нь тэд өөрсөддөө шагнал, магтаалыг бол хайр харамгүй зориулж чадаж байна. Гал унтраагч улс төрчдийн өөрсдийнх нь хамгийн дуртай, сэтгэл хөдөлгөм үзэгдэл энэ хойно арга ч үгүй биз. Тэр одон медаль нь яасан ч дуусдаггүй юм, түшмэлийн ойворгон зан нь яасан ч дарагддаггүй юм бэ. Өөрөө өөрсдийгөө шагнаж - "хичээнгүй", "тэргүүний", "шударга түшээ" энэ тэр гэх нь ч одоо дүүрч, иргэдээ харин авилгадаж, эрх чөлөөг нь хулгайлан, ардчиллын тогтолцоог "аалзны тор" болгохоо болимоор юм. Эздийн боолчлолоос чөлөөлж гар дахь гинжийг нь салгасан нэртэй ч гялгар төмрөөр зүрхийг хатгаж, хоосон магтаалаар сэтгэлийг нь цатган, тархийг нь гинжилдэг социалист сэтгэлгээнээс салж, төр нь иргэнээ боолчилдог зангаа өөрчлөх цаг болоогүй л юм байх даа. Төрийн өндөр хайр хишиг, улс үндэстний бахархал, ард түмний хүү, хамт олны гавьяа - энэ одоо дэнднээ. Социализмийн үед ч ингэж марзагнаж байгаагүй байлгүй.

"Борооны дараа цув" гэгчээр галын дараа гал сөнөөгч яахав ээ. Гол нь гал гарахгүй байх бодлого /эрсдэлгүй амьдрал, урт хугацааны хөгжил/-ыг тодорхойлох улс төрч, гай түйтгэргүй улс төрийг эхлүүлэхгүй бол гал унтраагч улс төрчдийн гайгаар нийгмийн наад захын хэм хэмжээ алдагдаж байна. Уул нь хүний нийгэмд "чадна, чадахгүй" гэхээсээ, "болно, болохгүй /ёстой, ёсгүй/" гэдэг хэм хэмжээ байдаг. Улс төрчид аливаа зүйлийг хийж чадна гэж зүтгэхдээ бас давж болохгүй хэм хэмжээг тооцож байх ёстой. Гэтэл манай нөхдийн хэт идэвхи санаачилгатай ажилласан ажлын үр дүнд /энэ нь бас хийсвэр сэтгэлгээтэй хүн бүрт таалагдахаар урайтай гэж байгаа: "эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө", "олонхийнхоо эрх ашгийг хүндэтгэж", "төрдөө тусалж" гэх мэт/ иргэний амьдрал, хувийн өмч, эрх чөлөө гэх мэт ардчиллын суурь хэм хэмжээнүүд алдагдаж, хууль ёс улс төрчдийн хөлд гишгэлэгдэж байна.

Сармагчин хэдий хэр өндөр үсэрнэ, бөгс нь төдий хэр ил гарна. Улс төрч хэдий хэр өндөрт гарна, болохгүй бүтэхгүй /булхай/ нь төдий хэр ил болно.

Үе үеийн лидерүүд, өөр өөрийн цагтаа улс төрд гарч ирж, цаг үеийг өөрчлөн, хөгжил дэвшлийг авчирдаг гэдэг сэн. Манайд ч нэг үеийнхэн л бүх цагийг эзэгнэн, дотроо хулгайчаасаа худалчаа хүртэл улс төр хийж "чи сайд болж үзсэн, одоо би болж үзнэ" хэмээн тоглцгоож байна. Ер нь ч тэгээд судас нь авилга, танил тал, нутаг нугаараа нарийсч хатингаршаад, цусны эргэлт нь зогсох шахсан манай энэ улс төр ардчилалдаа цус харвалт өгчих гээд байх болж. Энэ бөглөрчихсөн судсаар нь удаахан мацсан залуучууд ч хууччуулаасаа дордоно уу гэхээс, дээрдэх зан авиргүй, шинэ цаг үеийн "гал унтраагчид" боллоо.

Цусыг нь сольж чаддаггүй юм гэхэд ядаж шингэлж, суудал суудалдаа эзэд шиг аяаглах "Гал унтраагч улс төрчдийн" үеийг зогсоох, улс төрийг шинэ бодлого, хандлагаар өөрчлөх цаг нь болж ээ. "Мэдлэгийн зах зээл"-ийг улс төрийн зах зээлтэй уяж, улс төрчдийг мэдлэгт тулгуурлан эрэмбэлдэг, эрх мэдэлд гарсан хойно нь тэдний ёс зүйд найдаад орхих бус зөрүү буруу хөдлөх завдалгүй хянаж, алдаанд нь хариуцлага тооцдог, ийм байхын тулд иргэдээ эрх мэдэлжүүлж, мэдээллээр "тархийг нь тэжээдэг" тийм тогтолцоо, тийм соёлд суралцах шаардлагатай ч болж байна.

Ер нь улс төрчдийг өөрчлөх гэснээс, тэднийг сонгож буй хүмүүсийг өөрчилсөн нь илүү дээр гэдэгт би итгэдэг. Энэ итгэлээрээ ч асуудалд ханддаг. Энэ бодлоос минь болж намайг үл гүйцэлдэх бодолтон гэхээс авахуулаад тэнэг мангарт минь хүрэх хүн бишгүй л таардаг. Гэхдээ л улс төрчдөд хандсанаас иргэдэд өөрсдөд нь хандаж, тэднийг гэгээрүүлж, эрх мэдэлжүүлэх нь ухаалаг алхам гэдэгтэй би санал нийлсээр л байх болно. Учир нь өнөөдөр бүтэшгүй мэт байвч, маргааш хүсэж мөрөөдөж буй тэр нийгэмдээ би амьдрана, гэхдээ тэр цаг үеийг улс төрчид биш иргэд бид өөрсдөө авчирна гэдэгт би итгэлтэй байгаа. Тийм ч учраас "тун нөхөрсөг бусаар" хэлэхэд хүн хэн нэгнээс, тэр дундаа гал унтраагч улс төрчдөөс тусламж авна гэж найдсаны хэрэггүй. Харин өөрөө өөрийнхөө төлөө л анхаарал тавьж, өөртөө итгэн, өөрийгөө өөрчлөх ёстой. Тэгэхгүй бол Монголд өнөөдөр нийтийн хүлээн зөвшөөрсөн үзэл бодол өөрчлөгдсөн хэдий ч нийтийн хүлээн зөвшөөрсөн практик өөрчлөгдөхгүй байна. Хүн бүр авилга өгөх нь муу зүйл гэж мэдэж буй ч авилга өгдөг амьдралаа өөрчилж чадахгүй байна. Хүн бүр л хувийн өмчөө өөрсдөө мэдэн захиран зарцуулдаг гэж бодож байгаа авч, мөнгөө хадгаламж зээлийн хоршоонд тавиад туучихсаныгаа бусдын буруутайгаас болсон гэж үзэж байна.

Нөгөө талаас улс төрийн зорилго бол аль болох олон тооны хүмүүст аль болох их хэмжээний аз жаргал хүртээж, чинээлэг, сэтгэл хангалуун амьдралыг бий болгох явдал. Гэхдээ хүмүүс өөрсдөө энэ зорилтыг хэрхэн хангаж аз жаргалдаа хүрэхээ мэддэг учраас үүнд засаг төрийн оролцоо төдийлөн зайлшгүй биш гэдгийг улс төрчид бас ойлгох хэрэгтэй. Өөрсдийгөө чухал хэмээн авилга авч, ард иргэдийн амьдралаас илүү авилгажсан тогтолцоогоо хамгаалдагаа больж, улс төрч гэдэг бол бусдаар хүндлүүлж бөөцийлүүлэх биш, бусдад хардуулж ажил хийхийн нэр гэж ойлгодог болох хэрэгтэй.

Мөн надад хийж болдог, хийж болдоггүй ажил гэж байдаг гэдгээ мэдэж, Алтжингийн гэх хэрэг шиг бизнесийн эрсдлийг татвар төлөгчийн мөнгөөр хааж, шүүхийн эрхийг Засгийн газар нь эдэлж болохгүй болов уу.

"Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохүй". Энэ үгийг мэдэхгүй хүн гэж одоо бараг үгүй биз. Улс төрчдийн амны уншлага болох шахсан үг. Тэд энэ үгэнд яагаад ийм дуртай байдгийг би нэг их бодож үзээгүй юм. Гэтэл нэг удаа бас нэг "Гал унтраагч улс төрч" /гэхдээ чамгүй өндөр авсан улс төрч шүү/ надад Монголд их л таарсан чухал үг, их том философи агуулсан гэж ирээд л энэ үгийг магтаж гарлаа. Харамсалтай нь тэрээр өөрийнхөө сууж буй суудлыг л энэ үгээр халхалж, "бэхлэх" тухай ярьсан болохоос иргэнд ямар ашиг тустайг хэлсэнгүй. Би сөргүүлээд «ардчилсан, чөлөөт нийгэмд дээрээ зөв суулаа ч, доороо гүйх ёс байгаа юм уу даа. Харин доороо сууж, дээрээ гүйж байх ёстой юм биш үү. Ер нь тэгээд эрх тушаалтнууд нь өөрсдийгөө "бид дээр нь", ард иргэдийгээ "тэд доор нь" гээд ярьж байх нь өнөө цагт таарна гэж үү. Таны яриад байгаа наад "кастын" тогтолцоог чинь халахын тулд л "Бүгд найрамдах засаг", "ардчилал", "иргэний эрх чөлөө", "төрөөс дээгүүр хувь хүн", "төр бол шөнийн манаач" энэ тэр гэсэн ойлголтууд байдаг юм биш үү» гэсэн чинь их л гайхан, "Монгол хүн төрөө дээдэлсээр ирсэн юм" хэмээн дам утгаар өөрийгөө дээдлэхийг надаас шаарддаг байгаа. Ингэж хэлээд зогссонгүй цааш нь тэрээр: «Монголчуудыг хатуу гараар удирдахгүй бол болохгүй. Тэгж байж л тэднээр ажил хийлгүүлж, улс орноо хөгжүүлж болно. Иргэд өнөөдөр хариуцлагаа ухамсарлаж чадахгүй, ардчилалд суралцаагүй байна. Тиймээс тэднийг залж чиглүүлж, бүсийг нь жаахан чангалаад, улс төржихийг нь багасгаад, тавган дахь хоолыг нь ахиухан дүүргээд өгөх хэрэгтэй» гэлээ. Бодвол иргэнийг бүүвээлж, халамжлан боолчилолд хүргэдэг социалист бодлогоо зөвтгөж байгаа бололтой.

Би хэлэх үгээ олохгүй гайхан харж: «Тэгээд тэр бүсийг нь чангалаад, хоолыг нь нэмсэн төдийд боолчилж болдог, боловсорч гүйцээгүй "ногооноороо" байгаа хүмүүсийнхээ тоонд та өөрөө орж байгаа юу эсвэл өөрөөсөө бусад хүнийг, намайг бас багтаагаад хэлээд байна уу» гэсэнд тэрээр над руу цэрвэн харж, надад шууд хэлээгүй ч харцаараа «би юу гэж тэнд багтах юм, би бол тийм хүн биш - хариуцлагатай, боловсролтой, чадалтай. Бүсээ чангалуулж, улс төрөө хязгаарлуулж, хэн нэгний тавгаласан хоолыг боол мэт хүлээж суух хэрэг надад байхгүй хэмээн» тэнгэрийн амьтан шиг аяглаж билээ.

"Дарангуй бодолтнууд" л бурхад адил бусдын өмнөөс амьдралыг нь шийдэж, төлөвлөн, нийгмийг инжнеречлэхийг хүсэж байдаг. Тэд л өөрсдийнх нь ажлыг өөр хэн нэг нь хянаж, шүүмжлэхэд үнэн голоосоо дургуй бөгөөд, насаараа эрх мэдэлд хадагдсан мэт аяглаж чаддаг. Тэнгэрийн хүү шиг ийм бодолтой эвэртэн, туурайтангууд монголд ямар ч их болоов дээ. Өмссөн зүүсэн, идэж уусан нь язгууртан дээдэс шиг тансаг, сонгуульт албан тушаалтнууд бүгд найрамдах төрд олширч, эрх тушаалаа угсаа залгамжилсан мэт бодоод ирэхээр л ардчилал мөхдөг гэдэгсэн.

Эцэст нь хэлэхэд: "Юу ч мэддэггүй мөртлөө сайхан санаа агуулсан гал цогтой хүмүүсийн цаана л эрх чөлөөнд учрах хамгийн том аюул нуугдаж байдаг" гэдэг. Манай гал унтраагч улс төрчдийн дүр төрх, үйл хөдлөлийг энэ үгээр илэрхийлэхэд хангалттай болов уу.


бичсэн: Tji | төрөл: 2007-04-15 өдөр 16:24
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (12) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



=d> =d> =d>
Бичсэн: Зочин 19:44, 2008-06-22 | Холбоос | |


=d>
Бичсэн: Зочин 19:43, 2008-06-22 | Холбоос | |


Эцэст нь хэлэхэд: "Юу ч мэддэггүй мөртлөө сайхан санаа агуулсан гал цогтой хүмүүсийн цаана л эрх чөлөөнд учрах хамгийн том аюул нуугдаж байдаг" гэдэг. Манай гал унтраагч улс төрчдийн дүр төрх, үйл хөдлөлийг энэ үгээр илэрхийлэхэд хангалттай болов уу.

kkk. shal soliotoi ym bichij bh ym. medleg gedeg hun burt hariltsan adilgui baidag soyliin "kapital". baga medlegtei hun erh chuluund ayul uchiruulna gej yu bdag ym be. nerteigeer ni teneg baga medlegtei humuusiig alj ustgya geed urialchihaach. taniig dagan baysagchid yasan saihan huleej avch heregjuulne gej zutgeh bol oo?
Бичсэн: Зочин 18:21, 2008-06-06 | Холбоос | |


Сэтгэгдэл
Таны блогийн энэ бичлэгийг ашиглахыг зөвшөөрнө үү... Мэдээллийн эх сурвалжийг дурьдах болно оо.
Бичсэн: Цогбадрах (зочин) 18:56, 2007-09-30 | Холбоос | |


Сэтгэгдэл
Энэ "гал унтраагч улс төрч"-д хэрэг алгаа. Хүмүүсийн зовлонгоор хүртэл улс төр хийцгээчих юм аа. Нэг нэгнээ шагнаад салахгүй байдагсан одоо хариуцлага тооцож, арга барилаа өөрчлөж чадахгүй байцгааж өөрсдийгөө муулалцаж хэрүүл хийхээс илүү гарахгүй юм даа.
Бичсэн: Tji 13:25, 2007-06-21 | Холбоос | |


єєрсдийгєє уншаасай
хүрэх хүмүүстээ хүрч юм ойлгодог толгойнууд юм бол нэгийг бодоод ухаараарай. голийг олсон оновчтой нийтлэл байна баярлалаа.
Бичсэн: shur 21:41, 2007-05-11 | Холбоос | |


Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээсэн зочидод баярлалаа.
Бичсэн: Tji 09:52, 2007-05-02 | Холбоос | |


Сэтгэгдэл
Хэн нэгэн баян эсвэл ядуу байх нь тэр хүний авъяас чадвар, боловсрол мэдлэгээс шалтгаалах бус улс төрөөс шалтгаалдаг болов.

Харин тиймээ, яг ийм байдал бий болчоод байна. тэгээд ч бизнесийн хүрээнийхэн улс төр лүү тэгж их зүтгээд дайраад тэмүүлээд байх шалтгаан юу байна аа. Сонгуульд тэр их мөнгийг зарцуулаад байгаа юм чинь, бидний саналыг ямар ч үнээр хамаагүй худалдаж авахыг хүсээд байгаа юм чинь эргээд ямар нэг эрх мэдлийг олж авсаны дараа бидний мөнгийг бас л ямар ч аргаар хамаагүй авдаг байх даа. Даанч харамсмаар.
Бичсэн: Зочин 14:39, 2007-04-19 | Холбоос | |


Сэтгэгдэл
Нөгөө Азарган тахиатай нийтлэлээ байрлуулахгүй байсиймуу. Тэр чинь сак шдээ.
Бичсэн: Зочин 14:18, 2007-04-19 | Холбоос | |


Сэтгэгдэл
Нээрээ энэ улс төрчид хэрэг алгаа. Ууж идэх уралцаж булаалдах дээрээ л анхаархаас улс орноо хөгжүүлэх юм бодохгүй юм аа. Авилга дээрээ нэгдлээ гэж сонин дээр бичсэн байна лээ. 250 саяаа авах гээд бүр үхэхнээ тэд. Айс топ-ийн 76-г тэдэнд зориулж захиалмаар байна.

Энэ нийтлэлийг сонин дээрээс уншсан. Тэгхэд хүмүүс уншаад бөөн юм болж байсан шүү. Яг үнэнийг нь оноод хэлчихжээ гээд л. Тэмүүжээн шинэ юм хэзээ бичих юм бэ. Хүлээгээд байна шүү. Smile
Бичсэн: Зочин 11:00, 2007-04-17 | Холбоос | |


Сэтгэгдэл
Гоё болсон байна. Сая орж ирээд таны сэтгэгдлийн тоо салам уначихсан болохоор гайхлаашд. Тэгсэн зохицуулалт хийж байгаан байна. Ямар ч байсан нүдэнд эвтэйхэн болж.
Бичсэн: Legacy 21:43, 2007-04-15 | Холбоос | |


Сэтгэгдэл
"Хүү"-д баярлалаа. Шинэ блогийн загвар таалагдаж байна. Блогоо шинэчлэсэнтэй холбогдуулаад бичлэгийнхээ заримыг авчихлаа. Тэгэж байгаад байрлуулна аа.
Загварын талаар сэтгэгдэлээ үлдээцгээгээрээ.
Бичсэн: Tji 16:38, 2007-04-15 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 

Танилцуулга

Зургийн цомог

Архив