libertari.mn | Форум
Блог хайлт:

ХУУЛЬЖСАН ХҮНИЙГ ӨМӨӨРӨХ НЬ

Аль ч нийгэмд хүмүүсийн нэг хэсгийг эрх мэдэл, эд баялгаар тэтгээд нөгөөг нь доройтуулан эрхшээх "хүч" үйлчилж байдаг. Энэ хүчтэй тэмцсэнээс өөрийгөө нийгмээс тусгаарлан ганцаар алга болох нь хувь хүмүүст хавьгүй амар билээ. Гэсэн хэдий ч олон хувь хүн энэ амар замыг сонгохоос илүүтэйгүүр өөр хоорондоо ойлголцон нэгдэж, ашиг сонирхлыг хэрцүүлсэн дүрэм тогтоон энэхүү хүчийг хязгаарлан бүгдийг тэгш байлгах хуулийг бий болгосон. Тэдний бий болгосон тэр хууль өөрсдийнх нь эрх чөлөөг хамгаалж, засгийг хязгаарлах зорилготой.

Чезаре Беккариа

Хуульчид бүү уншаарай гэх сануулгатай "Хуульжсан хүн ба ёс суртахуунт хүн" нийтлэлийг уншсанаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд уг нийтлэлийг бичигчтэй үзэл бодлын хувьд өөр байр суурьтай байгаа тухай нэг бус удаа ярилцаж билээ. Тэгэхэд миний хувьд зүгээр л үзэл бодлын яриа болоод өнгөрлөө гэж бодогдож байв. Харамсалтай нь би буруу бодож байж. Түүний насны, мэдээлэл сайтай ч хандлага нь өөрчлөгдөөгүй хүнтэй зүгээр ярилцсан гэж бодож болохгүй бололтой. Тэд асуудлын үндсийг хайхаасаа илүүтэй хэн хэлж байна гэдгээр хардаг аж. Тэгээд болоогүй өөрийгөө өндөрт өргөөд бусдын дээрээс насныхаа зангарагаар харахыг хичээхдээ, төрөхдөө л тийм төрчихсөн мэт ухаантай царайлж, би л ганцаараа бүхнийг мэдэгч гэх дүрээр өөр бусдад өширхдөг юм байна. Арга ч үгүй биз дээ суралцаж хүн болсон он жилүүд нь нэг үзэл, нэг хувь хүнийг шүтэх суртал дунд өнгөрч, мэдлэг гэдэг хүний сонголт гэхээс тулган хүлээлгэдэг гэх ойлгоц дотор байсан юм чинь. Өөрөө тэр хандлагаа шүүмжилж байна гэж бодовч үнэн чанартаа өөртөө түүнийг хадгалж яваагаа ойлгохгүй, тэгээд бас болоогүй шинэ бүхний эзэн болох гэж тэчьеэлдэх нь үнэн өрөвдөлтэй шүү.

Орчин цагт хамгийн тэнэг байж болох "хүн ёс суртахууны амьтан уу, хуулийн амьтан уу" гэх хооронд нь харьцуулж утга гаргаж боломгүй асуултыг өөртөө тавьчихаад, хариултыг нь зөвхөн хоёр туйлт сэтгэлгээгээр харж аль нэг нь байх ёстой гэж мунгинахдаа "формаль логик"-ыг туйлчлан, үүнийгээ сэтгэлгээний соёл гэж ирээд л дүрэмдэх нь ёстой л философич хүний зан байх. Бас тэгээд болоогүй түүнийгээ сониноор дамжуулаад хичээл болгоод заачихна гээч.

Би тийм мундаг философичийнх нь түвшинд маргаж, сониноор хичээл зааж чадахгүй ч "формаль логик"-оос "хувьсах логик" руу шилжчихсэн сэтгэлгээтэй, плюраль нийгэмд амьдрах гэж оролдож, энэ нь бидний чөлөөт гэж нэрлэж буй нийгмийн үндсэн тулгуур болж байгаа гэдэгт итгэдэг хуульч. Дээр нь би дан ганц үзэл санааны эргүүлэгт биш амьдралын бодит зарчмуудад үнэ цэнэ өгч "бодлого" судлах дуртай жирийн нэг судлаач. Тэр дундаа "формаль логик"-оосоо илүүтэй, "хувьсах логик" нь бидний Либертари гэх үзлийг хамгийн тууштай дэмжин үндэслэдэг гэдгийг бас ухамсарладаг нэгэн. Тиймдээ ч энэ нийтлэлийн эхэнд иш татсан Беккариагийн үг лугаа "нийгмийн гэрээний онол"-д итгэдэг эрх чөлөөт хүмүүсийн нэг.

Мэдээж хэрэг хүн бүрийн эрх чөлөөтэй хамаатай хууль нь хэн нэгэн хэтийдсэн ухаантан эс бөгөөс амьдралын их туршлагатай, сайхан сэтгэлтэй, дээр нь хуульч мэргэжилтэй цөөн тооны хэдэн хүний оюун бодлын үр дүн төдий зүйл байж болохгүй гэдгийг би ойлгодог. Асуудлыг иргэнд гэхээсээ эрх мэдэлд зориулж хардаг улс төрчдийн явцуу бодлын үзүүрт энэ хууль бичигдэж бүр ч болохгүйг мэдэж байна. Түүхийг сөхвөл "угтаа чөлөөт хүмүүсийн ойлголцол, гэрээ байх ёстой хууль хэдхэн хүний хүсэл зоригийг илэрхийлж, эсхүл түрхэн зуурын шалгүй хэрэгцээнд зориулагдаж ирснийг олноор харж болно" гэдэгтэй санал нэгдэнэ. Одоо ч ийм дүр зураг Монголд бидний нүдэнд ил харагдсаар байна. Гэхдээ энэ нь хууль огт хэрэггүй гэх үзэл рүү биднийг аваачина гэдэгт би итгэдэггүй.

Хуулийг хууль шиг байлгахын тулд зохиомол, хиймэл дүрэмдэлтээс илүү амьдралын үнэн, иргэний ухаалаг байдлыг олж харах их чухал. Харамсалтай нь хуультай холбоотой хүмүүс дийлэнхдээ амьдралын хуулийг ойлгож, иргэний байдлыг хүндэтгэхээс илүүтэй "төр"-ийн хүсэл, хувийн үзэл бодлоо хууль болгон зохиож, бусдад тулгах гээд байх нь түгээмэл байгаа. Үүнээс шалтгаалж хуульчдыг, улс төрчдийг шүүмжилсэн хүмүүсийн байр суурьтай би нэгдэнэ. Гэхдээ хуулийг ор тас үгүйсгээд зогсохгүй «жаахан хүүхэд нүдээ аниад "мангаа" байхгүй» гэдэг шиг засгийг зүгээр л мартчихвал, улс төрийг зүгээр л нулимчихвал хувь хүний амьдралаас тэд алга болчихно гэж боддог хүмүүсийн хувь үзэлтэй яавч нэгдэж чадахгүй нь. Тэгээд Либертари үзлийн нэрийн дор энэ үзлээ орогнуулж, хувь хүмүүсийн эрх чөлөө, улс төрийн оролцоог хулгайлцан, төрийг "хазаар"-гүй үлдээх тэдний харалган романтизмыг мөн дуугуй хараад суумгүй байна.

Түрүүлээд хэлчихэд хуулийг үгүйсгэн цэцэрхэгчид өөрсдөө бас "романтик хортон" болж хамгаас үзэн зэвүүцдэг төрийнхөө хаанчлалд аятайхан зам тавьж өгч буйгаа ойлговол зүгээр л байх. Хязгаарлагдмал засаг тогтоох гэж ядан буй хуулийг үгүйсгэн хувь хүний эрх чөлөөг хуулийн хамгаалалтгүйгээр төрийн идүүрт үлдээж, хоосон бясалган, цэцэрхэж байхынхаа оронд олон нийтэд мэдлэгийнхээ үр шимийг хүртээн, өөртөө өмчлөөд байгаа үзэл баримтлалынхаа бас нэг зарчим болох "Өөр хүнд биш, хуульд захирагддаг хүн л эрх чөлөөтэй" гэдгийг санах хэрэгтэй л болов уу. Либертари үзэл Монголд хэн нэгний шошго нь бас бусдаас ухаантай болж харагдах гэсэн тэчьеэлийн хэрэгцээ нь, хоосон цэцэрхэл, бясалгалынх нь зугаа төдий зүйл биш байгаасаа гэж би хувьдаа хүсдэг.

Хуулийн тухай

Ухамсарт эргэцүүллийнхээ ачаар хүмүүс сэтгэн бодох, үйл ажиллагаа явуулах эрх чөлөөгүйгээр амьдарч чадахгүй гэдгээ өдөр ирэх тусам мэдэрч байна. Гэхдээ энэ нь хувь хүн ганцаар амьдрах ёстой, эрх чөлөөний хэрэгцээнд эзэнгүй арал л тохирно гэсэн хэтийдлийг зөвтгөж чадахгүй. Эзгүй арал дээрх амьдрал дарангуйлал, боолчлолын амьдралаас хавьгүй илүү аюулгүй гэдгийг би ойлгож байгаа хэдий ч энэ анархист байдал буцаад нийгмийг муйхар, хар хүчний ноёрхолд автуулах бүрэн бололцоотой гэдгийг бас төсөөлж байна. Яг үнэнийг хэлэхэд анархи байдлаар хэвийн амьдарна гэдэг тухайд би философичдоос илүүг даанч мэдэхгүй юм. Тэгээд энэ зарчим нь бүх хүнд ёс суртахууны тусламжтайгаар бэхжинэ гэдэг бүр ч ойлгомжгүй санагдаж байна. Харин ойлгож болоод байгаагаар нь Айн Рэндийн бичсэн "Анархизм бол улс төрийнхөө утгын хувьд гэнэн бөгөөд ойлголт муутай хийсвэрлэл. Төрийн удирдлагагүй нийгэм анхны таарсан гэмт хэрэгтний атганд орж, хувь хүмүүс өөртөө эрх чөлөөтэй гэж хэлж байвч бодит байдалд байнгын биеийн хүчирхийлэлд өртөх болдог" гэх үгийг энд иш татая. Ингэж бичсэнээрээ Айн Рэнд бас софт-стэйтист болчихгүй байх. Ер нь либертари үзэлтнүүд төрийг бүрэн үгүйсгэдэггүй төдийгүй тийм байгаагаараа софт-стэйтист гэж хэлэгддэггүй.

Стэйтист гэснээс төрийн жинхэнэ үүргийг хүн төрөлхтөн саяханаас мэдэж авсан билээ. Энэ бол тун саяхны, ердөө л 300 хүрэхгүй жилийн өмнөх амжилт бөгөөд үүний төлөө бид "нийгмийн гэрээний онол"-ыг боловсруулагчид болон Америкийн Үндсэн хуулийн "эцгүүдэд" баярлах учиртай. Тэд чөлөөт нийгмийн зарчим, мөн чанарыг тодорхойлоод зогсохгүй, басхүү амьдралд хэрхэн хэрэгжүүлэх аргыг боловсруулсан. Чөлөөт нийгэм лидерүүдийн "буянт зорилго"-ын ачаар, тэдний хүслээр эсхүл зүгээр л тохиолдлоор бий болчихдоггүй. Чөлөөт нийгмийн бий болгож, чөлөөт чигээр нь байлгахын тулд бодит зарчмууд дээр үндэслэгдсэн тун нарийн төвөгтэй ч эрх чөлөөнд хамгийн ойр байж чадах, гэхдээ ямарваа түшмэлийн дур зорго, хувь хүний ёс суртахууны адайрлаас хамаардаггүй, дарангуйллыг төрүүлэх ганц ч нүх сүвгүй хуулийн тогтолцоо нэн хэрэгтэй. Чухамхүү ийм шалтгаанаар төрийн үйлдэл хатуу тодорхойлогдсон, нэг бүрчлэн илэрхийлэгдсэн, чанд хязгаарлагдсан байх шаардлагатай болдог. Товчхондоо төр өөрийн гэсэн хүсэл зориггүй эрх чөлөөний "манаач" байх ёстой ба тэр манаачийг эрх чөлөөт хүмүүс хуулиар л манаж чадна.

Хууль тэр дундаа Үндсэн хууль бол чухамхүү ийм л зорилготой. Хуулийн энэ зорилгыг мэдэн будилж, үл тоон, түүнийг үгүйсгэн самуурч яваа энэ цагт "Үндсэн хууль бол хувь хүмүүст биш, төрд өгсөн хязгаарлалт, биеэ яаж авч явахыг хүнд биш төрд заасан хэм хэмжээ, төрд бүрэн эрхийг бэлэглэдэггүй харин хувь хүмүүсийг төрөөс хамгаалах баталгааг бий болгодог юм" гэдгийг зүгээр л яриад байж болохгүй болж. Учир нь эрх мэдэлтнүүд хуулийг үл тоомсорлон уландаа гишгэлэж байхад, нөгөө талаас зарим нэг эрдэмтэд хуульгүй аз жаргалтай амьдарч болох мэт түүнийг нулималцаж байна. Зэрэгцэж нулимаагүй нэгнээ "ордны профессор" гэж бас шүүмжилж байна. Миний бодлоор Монголд Эрнандо де Сотогийн хэлсэнчлэн "Хүнийг хамгаалж чаддаг хууль, хуулиа хамгаалж чаддаг хүмүүстэй" болох цаг аль эрт болсон мэт. Хууль ярьснаараа төрийг дээдэлж, түүнийг шүтэгч болдог ч юм биш. Ордны профессор гэдэг үг төрийг аялдан дагаж, магтан дуулагчдад хэрэглэдэг болохоос хуулийн тусламжтай хязгаарлагдмал засгийг тогтоож хувийн эрх чөлөөгөө баталгаатай болгох бодолтой оюунлагуудад хамаардаггүй. Харин төрийг үгүйсэгдэг шигээ хуулийг үгүйсгэж, ёс суртахууны тухай хувийн төсөөллөө уламжлалт философиор гоёчихоод түүнийгээ бусдад тулгах, сайхан сэтгэлтэй, софидох дуртай, "арал"-ын эрдэмтнийг Айн Рэндийн хэлдгээр "романтик хортон" гэхээс өөрөөр хэлж мэдэхгүй. "Төр хууль хоёр төрсөн ах дүү гэж хэлж байгаад" хууль дээдлэх нь төр дээдлэх явдал гэж үзвэл их л хуучинсаг сонсогдож байна шүү.

Үнэнийг хэлэхэд мухар сүсэгтэн л хуулийг сохроор дагадаг байх. Түүнээс биш иргэншсэн, асуудлаа өөрийнхөө ашиг сонирхолоор харж чаддаг эрх чөлөөт хүн хуулийг сохроор бус ухамсартайгаар даган биелүүлдэг. Учир нь тэр хууль өөрийнх нь эрх чөлөөг хамгаалж бусадтай ойлголцоход нь тусалдаг тул. Мэдээж хэрэг хууль болгон эрх чөлөөний байж Ф.Хаекийн үзсэнчлэн "хүнд юуг хэрхэн хийхийг заасан тушаал биш, харин боломж олгосон дүрэм байх ёстой" гэх шинж чанараа тээж чаддаггүй. Тийм хуулийг иргэншсэн хүн нулимахаасаа илүүтэй чөлөөт нийгэмд ардчиллаар дамжуулан өөрчлөхийг хүсдэг. Харин гэмт хэрэгтэн, авилгач түшмэл хоёр л юуны түрүүнд хуулийг нулимах дуртай байдаг.

Зөв зохион байгуулалттай нийгэмд иргэн нь эрх зүйн талаасаа бусдын эрхийг хөндөхгүйгээр өөрийнхөө хүссэнээр чөлөөтэй, харин засгийн эрх баригчид алхам тутамдаа хуульд захирагдсан байх ёстой болдог. Хувь хүн хуулиар хориглосноос бусад бүх зүйлийг хийж болно, харин эрх мэдэлтнүүд хуулиар зөвшөөрснөөс гадуур юуг ч хийж үл болно гэдэг утга энд л бодитой байдаг ба Либертари үзэлтнүүдийн ярьдаг "төрөөс дээгүүр хувь хүн" гэх зарчим чухамхүү энэ билээ. Энэ бол "хүч"-ийг "эрх"-д захируулах арга бөгөөд үүнд л хүнээр бус хуулиар удирдуулдаг чөлөөт нийгмийн зарчим оршиж байгаа юм.

Чөлөөт нийгэмд амьдрахыг хүсэж байгаа хувь хүн хүлээн авах ёстой гол зарчим бол биеийн хүчирхийллээс татгалзаж нарийн дараалалтайгаар, эрх зүйн үүднээс хүч хэрэглэж өөрийг нь хамгаалах эрхийг засагт шилжүүлэх явдал юм. Үүнийг үгүйсгэвэл Либертари үзлийн суурь болсон "хүн алдах эрхтэй" гэх үзлээ орхиж, "бурхан адил бид адлах ёсгүй" гэх шашны үзэл рүү шилжихэд хүрдэг. 

Ер нь эрх мэдэлтнүүд эрх чөлөөний үзэл санаа, зарчмаас ухарч, хуулийг мартан үл тоомсорлож, төр улам бүр данхайн хувь хүнийг хүчирхийлэх нь их болж байна. Харамсалтай нь ийм байдлын эсрэг тэмцэх заримууд маань бүх либертари үзэлтнүүдийн адил төрийг мөн чанарынхаа хувьд хор хөнөөлтэй гэж шүүмжлэхийн сацуу, ганц анархизмыг төгс төгөлдөр нийгмийн байгуулал мэтээр үзэх өөрийн хувийн үзлээ бас хавчуулах боллоо.  Тэгээд зогсохгүй заримыгаа софт-стэйтистүүд гэж муучилж байна. Төр мөн чанарынхаа хувьд хор хөнөөлтэй гэдгийг би мэднэ. Харин анархизм төгс төгөлдөр нийгмийн байгуулал гэвэл мэдэхгүй юм байна. Миний бодлоор хүн бүр улс төрийн нийгэмд амьдардаг болохоо хүлээн зөвшөөрч, өөр хоорондоо тохиролцон хуульд захирагдах /иргэнших/ хүртлээ байгалийн байдалдаа үлддэг. Тэрээр өөрийгөө хичнээн ёс суртахуунт гэж боддог ч гэсэн тийм л байх болно. Би өөрөө энэ бодлынхоо үнэн гэдэгт эргэлзэхгүй бөгөөд илүү тодорхой үндэслэлийг харин чиг хангалттай олныг хэлж чадна шүү.

Анархизмын тухай

Зарим нэг философичийнхоор ёс суртахууны ямар нэг баримтлал зөв байж болох юм. Хэрэв ингэж үзэх бол аяндаа бүх хүн түүнийг баримтлах нь бас зөв болж таарах байх. Энэ хэр эрүүл үзэгдэл вэ. Ер нь ёс суртахууны энгийн нэг зарчим үнэн байлаа ч бусдад хэрхэн үнэн гэдгийг нь харуулах вэ. Энэ асуулт, ийм байр суурь "анархистуудад" тун таагүй сэтгэгдэл төрүүлдэг гэдгийг би мэднэ. Яагаад гэвэл ёс суртахуун хувь хүн өөртөө үнэ цэнэ олоход тусалдаг болохоос бусдад энэ нь тэр бүр хамаатай байж чаддаггүй. Ер нь ёс суртахууныг заавал хэн нэгний итгэл үнэмшил, гоо зүй, оюуны хөгжлөөр илэрхийлээд түүнийгээ бусдад тулгана гэдэг буцаад л сэтгэхүйн том хүчирхийлэл үйлдэхийг зөвшөөрнө гэсэн үг. Жорж Оруэллийн "1984 он" зохиолд гарах "сэтгэхүйн цагдаа" чухам үүний л илэрхийлэл шүү дээ. Яг үнэндээ хатуухан хэлэхэд эрх чөлөөг булшлахад тусалж, коммунистуудын өгөөш болдог анархистуудад би дургуй. Тийм хүмүүс санаснаасаа шал эсрэг үр дүнтэй тулгарч, төрийн хор нөлөөллийг устгахын оронд түүнийг дэвэргэн өөгшүүлэхэд идэш болдог юм.

Уул нь ёс суртахууны тухайд либертари үзэл "ёс суртахууны тэгш эрх" гэх ойлголтыг гаргаж тавьдаг. Энэ нь ёс суртахууны ямар нэг баримтлал зөв тухайд бус харин хүн бүр өөрийн ёс суртахуунтай байх тухай ярьдаг. Тийм учраас ёс суртахууны хувьдаа ч хүн алдаа гаргах эрхтэй гэж үздэг юм. Чухам энэ алдаа гаргах эрхээс хүмүүсийн дунд засаг бий болох үндэслэл гарч ирдэг гэдэг. Ер нь ёс суртахууны тухай орчин үеийн плюраль үзэл нь анрхизмд саад болдог ганц зүйл биш. Бүх иргэд нь өөрсдийгөө ухамсартай бөгөөд ямар ч алдаа мадаггүй авч явдаг нийгэм ч засаггүйгээр оршин тогтноход төвөгтэй. Шударга хүмүүсийн хоорондын зөрчилдөөнийг зохицуулах бодит хууль дүрэм, маргаан шийдвэрлэх ажиллагааны журам ямар нэг байдлаар үгүйлэгдэнэ. Энэ нь араасаа төр үүсэх бодит зарчмыг аяндаа дагуулдаг. Гэхдээ төрийг ямар байхыг иргэн бүр мэддэг эрхтэй байхын тулд "улс төр" иргэн бүрт хамаатай байх шаардлагатай. Үүнийг би "ардчилал" гэж ойлгодог. Мөн засаг төрийг хязгаарлахын тулд хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Үүнийг би "эрх зүйт ёс" гэж мэддэг. Либертари үзлийн бараг бүх үндэслэл хувь хүний эрх чөлөөг хамгаалахын тулд ардчилал, эрх зүйт ёсны тусламжтай бага засагладаг төрийг тогтооход чиглэгддэг. Түүнээс түүнийг бүрэн үгүйсгэхэд биш. Харин анархистууд л төрийг нийгэмд бүрэн үгүйсгэж, хүмүүс хуульгүй амьдарч болно гэж ярьдаг юм.

Эцэст нь сануулахад Айн Рэнд нэгэнтээ "Хүний оюуны сэргэн мандлын нэг хэсэг болсон улс төрийн зарчмуудын шинэ мөн чанар улам тодоор харагдаж буй энэ үед ёс суртахуунтай холилдсон бодь сэтгэл, үлгэр домгийн мэт романтик мөрөөдлөөрөө бодит зарчмыг үгүйсгэгчид эцэстээ эрх чөлөөний хэрэгцээнд эзэнгүй арал л тохирно гэх шахуу юм хэлж мунгиндаг шүү" гэж хэлсэн нь бий.

Хууль ямар байхыг мэднэ гэдэг шинжлэх ухааны асуудал болчихоогүй ард түмэн азтай шүү гэх үг байдаг даа. Үүн лугаа эрх чөлөө юу гэдгийг философичид мэддэг болчихуул тун харамсалтайяа.


бичсэн: Tji | төрөл: 2007-10-30 өдөр 13:17
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (20) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Тархиа хальт тэжээчлээ
Магистрт сураад Лүндээ багшийн унш гэсэн номыг уншиж байгаад Батчулуун гэх хүний бичсэнийг уншиж билээ. тэр үед бас л дээр бичсэн нэгний адил аан тийм үү гээд бодож байтал Үүнийг олж харж уншсан чинь бас л өөр байна шүү. Юм уншихгүй байх ямар их зүйлээс хоцорч, мэдлэг, мэдээлэл, төсөөлөл, ертөнцийг үзэх үзэл, юманд хандах хандлага дутуу дулимаг байхад хүргэж байдаг юм бэ гэдгийг ухаарах юм. Баярлалаа багшаа. Амжилт хүсье
Бичсэн: Тулгаа (зочин) 11:58, 2012-05-06 | Холбоос | |


алга ташилт
Бичсэн: Зочин 22:46, 2011-12-01 | Холбоос | |


Hamgiiin uhaantai hvn huulind zahragdaj amidran hezee ch darga tur zasag bish yostoi gaihaltai
Бичсэн: gerel (зочин) 21:46, 2010-10-09 | Холбоос | |


Бид таныг дэмжиж байна.
Багшдаа, Та сайн багш, сайн хуульч.Өнөөгийн улс төрд тань шиг хүн ус агаар шиг хэрэгтэй.Миний багш эгэл хүн, гэхдээ тэр энэ эх захгүй улс төрд ус агаар шиг хэрэгтэй. Би, ээж аавын хамт МАХН-г дэмждэг.Гэхдээ энд намын харъяалал хамаагүй гол нь хувь хүний хувьд таныг дэмжиж байна, Багшаа, таныг олон мянган оюутнууд тань дэмжиж байна.Үгийг тань сонсож байгаа шүү. Урагшаа,Оюутнуудаа бид багшийгаа дэмжицгээе.Оюутнуудаа багштайгаа хамт урагшаа. =d>
Бичсэн: Оюутан 00:11, 2008-06-13 | Холбоос | |


news.mn
libertari.mn
Бичсэн: Зочин 21:26, 2008-03-19 | Холбоос | |


Хуульчид бүү уншаарай гэх сануулгатай "Хуульжсан хүн ба ёс суртахуунт хүн" нийтлэлийг нь хаанаас унших вэ??? confused
Бичсэн: Snare 17:43, 2008-03-19 | Холбоос | |


сайхан бичлэг байна. өөрийн чинь хэлдэгээр гэмт хэрэгтэн юмуу,авилагчид хуулийг нулимдаг нь үнэн. гэтэл бусад нь хуулиа ер нь хэр мэддэг билээ. миний бодоход нэг их ач холбогдол өгөөд хууль минь гээд яваад байдаг масс хэр байдаг бол.
Таны бодлоор яавал иргэн нь хуулиа хүндэлдэг,хууль нь иргэндээ үйлчилдэг тийм цогц нэгдэл бий болох бол.
За уучлаарай өөрийнхөө үгээр өөрийнхөө ойлгосноор л биччихлээ. happy
Бичсэн: Болжмор 13:58, 2008-02-05 | Холбоос | |


huulijsan hvniig umuuruh ni
hi shan ym bichsen bna gehdee ta dendvv subject rvv dairsan ym shig sanagdlaa...bi ta bvgdiin ywuulj bui libertari lektsend suudag...ta bvgded chin setgeleesee bayrlaj bna hugjliin tuluu hamtdaa
Бичсэн: Dorjbat 19:10, 2007-12-18 | Холбоос | |


гэгээн
за нэлээн л юм бодуулах зуил баина
Бичсэн: gegeen 13:51, 2007-12-05 | Холбоос | |


Сэтгэгдэл
Бүх философичид ийм бодолтой биш л дээ. Бүх хуулчид ч бас сайн, зөв хүмүүс биш. Философчдын хувьд бүх гэдэг утга ойлгогдохоор бичсэнд уучлаарай. yho:-S. Батчулуун багш "хуульчид битгий уншаарай" гэж байгаад д бүх хуульчдад хаягалсан байсан. Тэр алдааг нь би бас давтчихаж ээ. хэ хэ.  

Зассан: Tji хэзээ: 11.15.2007 10:55
Бичсэн: зочин 12:32, 2007-11-16 | Холбоос | |


Temuujin bagshid
asuudliig oor ontsgoos harahad mine tusalsand bayarlalaa,gehdee ta yagaad Batchuluun geed l bichhchihgui philosophychid gej bicheed bgaa yum be?
All philosophyers are not Batchuluun.
Бичсэн: jagai (зочин) 11:20, 2007-11-16 | Холбоос | |


Сэтгэгдэл
helehiin bish helhiinbish.
uurt chin neg taatai medee duulgaya tanii blogiig olnii tanil bolgono
Сайн байцгаана уу, блогчид оо

Сүүлийн үед манай блогчдын тоо асар хурдацтай нэмэгдсээр байна. Үүнийг та идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй дотоодын блогийн үйлчилгээ үзүүлдэг тав гаруй сайт дээр бүртгэгдсэн зуу зуун блогоос харж болох юм. Өдөр болгон шинэ хүмүүс Монголын блог ертөнцийн хаалгаар орж ирж байгаа үед Bugdeeree.mn сайт өөрийн Блог ертөц буландаа эдгээр бүх блогчдын бичлэгийг хамруулахын тулд blogportal.bugdeeree.mn сайтаа ашиглах гэж байна.

blogportal.bugdeeree.mn сайт нь өөрт бүртгэлтэй байгаа блогуудыг шинэчлэгдсэн даруйд нь шүүн харуулдаг учир блогчдын шинэ сонинг цаг алдалгүй унших боломжийг олгодог. Иймд та өөрийн блогоо тус сайтад бүртгүүлээрэй.
Таны блог Blog.mn.net, blog.banjig.net, blog.gogo.mn, Delhii.net, Mihiin.com болон Eblogger гэх блогийн үйлчилгээ үзүүлдэг аль ч сайт дээр нээгдсэн байж болно. Блогпортал.Бүгдээрээ.мн сайтад бүгд бүртгэгдэх боломжтой.
Та өөрийн блогоо бүртгүүлэхийн тулд блогийн хаягаа тус сайтад сэтгэгдэл хэлбэрээр үлдээх эсвэл info@bugdeeree.mn мэйл хаяг уруу илгээж болно.
Цаашид blogportal.bugdeeree.mn блогчидтой холбоотой бусад сонирхолтой үйлчилгээг нээхээр зорьж байна. Блогчдын хүчирхэг давалгааг бүгдээрээ бүтээцгээе.
Бичсэн: BVGDEEREE.mn (зочин) 18:08, 2007-11-02 | Холбоос | |


Сэтгэгдэл
Applause neeree balai awah yum aa. Batchuluun bagshiin bichseniig unshaad neeree l tiim baina shuu gej bodson chini, eniig unshaad bas l neeree l tiim baina gej bodogdoj baina. Daraagiih ni hezee bichij gargah ve. Huleej baina shuu.
Бичсэн: зочин 17:19, 2007-11-02 | Холбоос | |


Сэтгэгдэл
Өргөс
Өргөс болж төрдөг байж
Өвдтөл хатгадаг
Өргөс болж төрдөг байж
Өрөөлийн үзэн ядалтыг үл тоодог
Өөрийнхөөрөө байдаг
Өргөс болж төрдөг байж
Өвддөгүй зүрхийг чинь тэгээд
Өм цөм хатгадаг байж
Өргөс болж төрдөг байж... .
Өөрийнхөө зүрхийг чамд хатгуулдагүй байж
Бичсэн: n (зочин) 17:39, 2007-11-01 | Холбоос | |


Сэтгэгдэл
философид хэлний шинжлэлээс өөр юм үлдээгүй. гэсэн үг байдаг биздээ. та нээрээ хөгжицгөөе клубын цуглралтыг байрлуулна гэсэн юу болсон.
Бичсэн: shargaa (зочин) 17:58, 2007-10-31 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 

Танилцуулга

Зургийн цомог

Архив