libertari.mn | Форум
Блог хайлт:

ТӨРӨӨР ДАЛАЙЛГАН СҮРДҮҮЛЭГЧИД

Хүмүүсийн өөрийн тусын тулд өөрсдийн бий болгосон, өөрсдийнх нь засаг төр тэдний сонор сэрэмж алдсанаас яваандаа төрийн тусын тулд төрийн бий болгосон "хэн нэгний" засаг болж хувирдаг.

Ричард Нийтхэм

«Популистуудын "тахилын ямаа" ба Монголын цөөн бизнесменүүд» гэх нийтлэлээ би, улс төрчдөөс тусгай хамгаалалт авч зах зээлийн өрсөлдөөнийг дампууруулдаг төржсөн бизнесменүүд болох олигархиуд, мөн албан тушаалаараа бизнес хийж, эрх мэдлээрээ мөнгө олдог, төрөөс төрөөд байгаа тэрбумтнуудыг биш харин улс төрөөс хөндийхөн, хэнээс ч юм гуйхгүй өөрөө өөрсдийгөө болгож байгаа, гэхдээ харамсалтай нь дэмждэг хүнээс нь тонож дээрэмддэг нь олдочихоод, тэжээдэг хүмүүсийнхээ хажууд өөрсдөө цөөнх болчихоод байгаа Монголын цөөн бизнесменүүдийг өмөөрч бичсэн билээ. Гэвч бидний дийлэнх нь "бизнесмен" гэж өмч хувьчлалаар идэж уун, эрх мэдлээр тендер цохиж, уул уурхайд эзэмшилээ тогтоохоор уралцаж буй луйвирчдыг л ойлгодог юм байна. Арга ч үгүй биз. Бизнесийн орчин нь цэвэршээгүй, зах зээл төрийн оролцооноос ангижраагүй, хууль нь хууль тогтоогчийнхоо үзэмжээр байнга өөрчлөгддөг газар шударга бизнес байна гэдэгт итгэх хүн цөөн биз. Ийм нөхцөлд шударга бизнесменүүдийг өмгөөлөх бүү хэл байгаа гэж хэлэхэд төвөгтэй болж, тэдний тухай ярьсан хүн өөрөө цөөнх болдог бололтой. Гэхдээ би хувьдаа шударга бизнесменүүд байгаа гэдэгт итгэдэг. Харин тэдгээр бизнесменүүдээ амьдралдаа мурий хадаас ч зарж үзээгүй "саятан түшмэл", төртэй л түншлэхгүй бол ашиг хийж чаддагүй "авилгач бизнесмен"-үүдтэй хольж хутган, муучилмааргүй байна.

Ард иргэд хүмүүн бусын хоосролыг амсаж байгааг би үгүйсгээгүй. Хүмүүс туйлдаж, хоосорч байгааг, яг үнэндээ баялаг бүтээж байгаа бизнесүүдээсээ биш харин төр барьж буй ч хүслээ барьж чаддаггүй, шударга царайлж авч шуналаа дарж дийлдэггүй, тархи жижигдэж толгой нь томдсон улс төрчдөөсөө, албан тушаал нь олдож ажил нь цөөдсөн эрх дархтнуудаасаа асууж, тэдэнд хариуцлага тооцох хэрэгтэй мэт санагддаг.

"Олигархийн" болон "бюрократын" капитализм

Бизнес болон зах зээлийг муу хэлэх нь өнөөдөр утгаа алдсан. Капитализм нь хувь хүний эрх чөлөө, хувийн өмчид үндэслэгдсэн зүй ёсны тогтолцоо гэдгээрээ улам бүр дэмжигдэж байна. Харин капитализмыг хэрхэн гажуудуулж, зэрэмдэглэж болдог тухай жишээ хангалттай их. Оросын капитализмд анализ хийсэн нэгэн өгүүллийг уншиж байснаа санаж байна. Товчхондоо гол агуулга нь: Орос орны капитализмд шилжсэн шилжилтийг Ельцин "олигархийн капитализм"-руу гажуудуулж, зах зээлийн эдийн засгийн үр шимийг цөөн тооны олигархиуд хүртэх болсон төдийгүй тэд ардчиллыг бүхэлд нь худалдан авч, төр зөвхөн тэдний эрх ашгийг хамгаалах төдий зүйл болсон аж. Харин Путин засгийн эрхэнд гарснаар олигархиудыг хязгаарлах бодлого явуулж эхэлсэн боловч энэ нь нөгөө талдаа "бюрократын капитализм"-ыг бий болгосон. Өөрөөр хэлбэл, баялагийг зах зээл бус төр хуваарилан шийдэж, төртэй холбогдохгүйгээр бизнес баталгаагүй, эрсдэлтэй болсон бөгөөд зах зээл дээр ашигтай бизнесийг гагцхүү төр л хийх ёстой гэж ойлгоход хүргэжээ.

Энэ хоёр капитализм санаачлага хаанаас эхэлдэг, эрх мэдэл хэнд төвлөрдөг гэдгээрээ ялгаатай болохоос зах зээлд учруулдаг хор хөнөөл, хөгжлийг боомилдог зүй тогтлоороо хоёул адилхан. "Олигархийн капитализм"-д томоохон бизнесменүүд нь улс төрчдийг худалдан авч худалдагдаагүй хэсгийг нь улс төрөөс шахан гаргадаг тул зарчимтай, шударга улс төрчид улс төрд байх боломжгүй болж, төрд бодлогын бус бүлэглэлийн улс төр ноёлож эхэлдэг. Харин "Бюрократын капитализм"-д төрийн түшээд нь орлого, ашгаараа зах зээлээс шударга бизнесменүүдийг шахан гаргаж, төрийн эрх дархтны хамгаалалтгүйгээр зах зээлд хэн ч амжилт гаргаж, ашиг олох боломжгүй болох ба бизнес эрхлэх нь төрд алба хашихаас бага ашигтай болдог аж.

Тодруулбал "олигархийн капитализм"-д шударга улс төрчид улс төрөөс шахагдан гадуурхагддагийн гол учир нь олигархиуд өөрсдийнхөө өмчлөх эрхийг л хүлээн зөвшөөрхөөс, бусдын өмчлөх эрхийг хүлээн зөвшөөрдөггүй ба бусдыг үл тоох энэ үзлээ хууль ёсны болгох гэж улс төрчдийг худалдан авч, худалдагдаагүй нэгнийг нь хавчиж, хяхах бүх хорыг санхүүжүүлдэг. Тэнд яг үнэндээ улс төрийн хороос өөр юу ч үлддэггүй бөгөөд хамгийн сайн хорчин нь улс төрд үлдэж, хамгийн сайн авилгач нь зах зээл дээр ноёрхдог.

Харин "Бюрократын капитализм"-д бюрократууд төр л баялгийг зөв зохистой зарцуулж, түшмэдүүд л асуудлыг илүү ухаалаг, үр ашигтай шийдэж чадна гэж итгэдэг ба энэ итгэлээрээ тэд төрийг данхайлгаж, засгийн оролцоо, түрэмгийллээр зах зээлийг боймлон, хувь хүний идэвхи санаачлага, хувийн өмчөө захиран шийдэх эрхийг гишгэлэж, чөлөөт солилцоог захиргаадалтаар орлуулан, нүүрэн дээрээ шударга ёс, хариуцлага гэж хашгирах боловч, нударган дотроо амьдралаа дээшлүүлье гэсэн бодолтой люмпенгүүдийг төрд түшмэл нэрээр шургалах уралдааныг эхлүүлдэг юм. Ийм нөхцөлд төсвөөс тэрбумтнууд төрж, тэр тэрбумтнууд иргэний бизнесийг ээлж дараалан төрийн бизнес болгон тонон дээрэмдэцгээж, зах зээл, засаглал хоёр нь хаанаа салж, хаана нийлж байгааг эрүүл ухаантай хүн ойлгох аргагүй болтол нь дампууруулдаг.

М.Энхболдын үед Ельциний үе лугаа олигархиуд гаарсан бол С.Баярын үед Путины үе лугаа  бюрократууд хүч олж байх шив дээ.

Төрөөр далайлган сүрдүүлж, баялгийг тонон дээрэмдэгсэд

Улс төрөөр бус зах зээлээр баялаг солилцоонд орж, хуваарилагддаг тогтолцоонд бид яаж орох вэ? Олигархууд нь ардчиллыг худалдаад авчихдаг биш, жирийн иргэд ардчилалдаа хөрөнгө оруулж, үр шимийг нь хүртдэг яаж болох вэ? Төр хөрөнгө цуглуулдаг бус иргэд хөрөнгөждөг, иргэд нь төрд биш, төр нь иргэддээ үйлчилдэг тогтолцоонд яаж шилжих вэ? Эдгээр асуултууд бидний хувьд нэн чухал. Товчхондоо бид "либерал капитализм"-д орж чадах уу гэдэгт хариу өгнө.

Улс төрийн зорилго бол "аль болох олон тооны хүмүүст аль болох их хэмжээний аз жаргал хүртээх явдал" гэдэг. Гэхдээ хүмүүс өөрсдөө энэ зорилгыг хэрхэн хангаж аз жаргалдаа яаж хүрэхээ мэддэг учраас үүнд засаг төрийн оролцоо төдийлөн зайлшгүй биш. Харин иргэдийн өөрсдийнх нь санаачлага, оролцоо, хариуцлага нэн чухал гэдгийг л түшмэдүүд ойлгож, тэдний өөрөө өөрсдийнхөө асуудлыг шийдэх эрхийг хүлээн зөвшөөрч, хязгаарлагдмал засаг байдлаар төр оршин тогтнох ёстой. Харамсалтай нь уламжлалт төрүүд, түүний түшмэдүүдэд энэ нь тэвчиж чадамгүй үзэл бодол бололтой юм билээ.

Тэдний бодлоор төр байх нь өөрөө зорилго. Тэд төр гэдэг хувь хүн бүрийн сайн сайхны төлөө үйлчлэх хэрэгсэл гэдгийг мэдэхийг ч хүсэхгүй харин ч эсрэгээр нь хувь хүмүүс төр байхын тулд оршин байдаг мэт аашилдаг. Чухам энэ ааш аяг л "төрөөр далайлган сүрдүүлэгч"-дийн үндсэн дүр төрх нь.

"Төрөөр далайлган сүрдүүлэгч" гэж бусад хүмүүсийг айлгаж ичээж, дээрэмдэн мулзалж, хүчирхийлж, албадаж болно хэмээн бодож, энэ эрхийг төр бидэнд өгсөн гэж итгэгчид юм. Тэдний үг нь гоё, үйл нь ариун мэт авч үнэн чанартаа эцсийн үр дүн нь дарангуйлал ба эвдрэл, сүйрэл байдаг. Энэ бол цаг хугацааны л асуудал болохоос тэд гайхамшгийг бүтээж чадахгүй. Учир нь тэд баялаг бүтээгчид биш шүү дээ. Тэд бол бусдаар тэжээлгэгчид. Харамсалтай нь тэд өөрсдийгөө тэгж боддоггүй. Харин ч эсэргээрээ бид байгаа болохоор л эд нар байгаа гэж бизнесменүүдийг, татвар төлөгчдийг, жирийн иргэдийг үздэг. Тийм болохоороо л тэд баялагийн үнэ цэнэ, хөдөлмөрийн хөлс хүч, иргэний амьдрал, аж байдал гэдгийг мэдэрдэггүй, үнэлдэггүй.

Тэдгээр түшмэдүүдэд хэний эсрэг, хэний ашиг сонирхолын үүднээс, хэдий хугацаагаар, ямар хэмжээгээр, ямар зорилгоор гэх мэт засгийг хязгаарлах эрх зүйт ёсны ухаалаг дүрмүүд хамааралгүй. Харин ч "би чадна", "ингэж болно", "энэ бол төрийн ажил", "эх орон, ард түмнийхээ төлөө", "тэгээд юу гэж, чадаж буй юманд арга алга" гэх дур зоргын хийгээд сэтгэл хөдөлгөм үгүүд л тэдэнд илүү үнэ цэнэтэй.

Бюрократууд гэх, бусдын хөдөлмөрийг сорон мөлжигчид өөрийнхөө хөдөлмөр хөлс хүчээр амьдрагсдаас ямагт хоцорч байдаг нь үнэн. Тэр хоцрогдлоо авилгаар нөхөж, төрөөр хаацайлах гэж оролддог нь ч хууль. Ийм түшмэдүүд олширохоор улс орон болохоо байх нь ч бас тодорхой. Монголд өнөөдөр хүнд суртлын үнэ өсөж, авилгын ханш нэмэгдсээр байна. Энэ нь үнийг хөөрөгдөж, үйлчилгээг үнэгүйдүүлж, чанарыг үгүй хийж буй юм. Гэтэл бид үнэ өсөж, ядуурал нүүрлэж, төр эзэнгүйдэж байгааг бизнесменүүдээс болсон мэт ойлгон, бухимдан сууна. Ядаж байхад төрөөр далайлган сүрдүүлэгчид үүнийг юун ч хурдан овжин ашигладаг юм бэ. Үнэндээ өнөөдөр тэд үнийн өсөлт, хортой архи нэрийн дор бизнесменүүдээ хомроглон буруутгаж, үйл ажиллагааг нь эрсдэлд оруулж, өөрсдөө хүчирхэгжиж байна.

Уул нь бизнесменүүдийн зэвсэг бол үнэт зүйлс, харин түшмэдүүдийн зэвсэг бол айлган сүрдүүлэлт байдаг. Баялгийг зах зээл хуваарилах уу, улс төр хуваарилах уу? Энэ асуултын хариу өнөөдөр хүмүүсийг баян эсвэл ядуу, эрх чөлөөтэй эсхүл боол байхыг шийдэж байгаа. Учир юу гэвэл зах зээл хүмүүст урамшуулал, үнэ, үнэт зүйлсийг санал болгож /эергээр /позитив/ нөлөөлж байдаг бол, улс төр хүмүүст хохирол учруулж, шийтгэж, заналхийлж, айлгах замаар сөргөөр /негатив/ нөлөөлж байдаг юм. Харамсалтай нь өнөөгийн эрх баригчид эдийн засгийн засаглалыг улс төрийн засаглалтай хольж хутган ард түмний хүү гэх шинэ дүрээ этатизмийн үзэл суртлаар баглачихаад аль эртний нуруугаа авсан социалист уриануудаар олон нийтийг хордуулан популизм хийхдээ, тэдний ирээдүйг үгүй хийж буйгаа мэдэхийг ч хүсэхгүй байх шиг байна. Тэдний хоосон худал хуурмаг үгийг Монголд олон хүн тэр дундаа оюунлагууд нь хүртэл үнэн мэт хүлээн авч талархан дагацгаах нь эмгэнэлтэй.  

Төр шүтэгч оюунлагуудын гай

Төрөөр далайлган сүрдүүлэгчдэд хэрэгтэй онол, үзэл суртлыг нь угтаа социалист үзэлтэй оюунлагууд л бий болгодог. Эдийн засаг дахь төрийн оролцоог магтан дуулж, гайхамшгийг бүтээгч нь төр хэмээн итгэх оюунлаг сэхээтнүүдийн харгайгаар төрийн оролцоо, эрх мэдлийн данхайлт улам бүх ихсэж, төрийн шийдэхгүй асуудал хувь хүний амьдралд улам бүр үгүй боллоо. Этатист үзэл сурталчид, төрийг магтан тайлбарлагчид, асуудлыг төргүйгээр шийдэж чадахгүй гэж дүгнэх судлаачдаас бүрдсэн тэрхүү сэхээтнүүд бизнесменүүд аль хэдийнэ татгалзчихаад байсан улс төрийн засаглалыг гартаа оруулж өөрсдийнхөө хамгийн сайн мэдэх төрийн дарангуйлалаа хуульчлан баталгаажуулсаар байна. Энэ дарангуйллыг гэтлэн давахын тулд бизнесменүүд урьд нь татгалзсан улс төрийн засаглалруугаа буцаад уралцан тэмүүлэх боллоо. Улс төр бизнес хоёр түншлэн олигархжих байдлын бурууг би хувьдаа бизнесменүүдэд биш улс төрчдөд, тэр дундаа тэдгээр улс төрчдийг улайран өөхшүүлэх үзэл сурталчдад өгмөөр байна. Энэ нь ч шударга ёсонд нийцэх биз.

Үнэндээ тэдгээр сэхээтнүүд, тэдний үзлээр цэнэглэгдсэн улс төрчид чөлөөт бизнесменүүдийг "хувиа бодсон шуналтан" мэтээр харж, хараан зүхэж өөрсдийгөө ард түмний хүү хэмээн алдаршуулан магтаж байгаа билээ. Тэд нийгмийн хурц асуудлыг дүгнэхдээ зах зээлийн засаглалыг газар дор ортол нь муучилж төрийн оролцоог магтан шагшиж, улс төрчдийн болон түшмэдүүдийн бурууг бизнесменүүдэд үүрүүлж, тэднийг яллаж байна.  

Айн Рэндийн хэлсэнчлэн "Чөлөөт бизнесменүүд бол төрөөр далайлган бусдыг дарангуйлах популист улс төрчдөөс юу ч гуйлгүйгээр баялаг бүтээж, эрх чөлөөг хамгаалж чаддаг хүмүүс". Хэрэв та эрх чөлөөнийхөө төлөө тэмцэхийг хүсэж байгаа бол тэрхүү тэмцлээ алдар хүндээс гадуурхагдан далд байдаг атлаа цаг ямагт төрийн дарангуйллын эсрэг зах зээлийн хуулийг барин зогсох тэр бизнесменүүдийг хамгаалахаас эхлэх хэрэгтэй. Тэд байдаг болохоор л бид гурил, талхтайгаа байдаг. Тэгснээс эрх мэдэлд донтон "популизм" хийх улс төрчид, тэдний утсан хүүхэлдэй болсон мунхаг түшмэдүүд бидэнд гурил үйлдвэрлэж, талх барин авчирч өгдөггүй ээ. Тэд бизнесийг дээрэмдэж, биднийг хахуульдаж л чадах байх.

Хаалттай нийгмээс салсан эсэх нь удирдагчид шударга, эрдэмтэд ухаантай гэдгээс илүүтэй иргэд дарангуйллаас сэргийлэх чадвартай, хууль нь иргэнээ хамгаалах хүчтэй эсэхээр хэмжигддэг.

2008.01.08


бичсэн: Tji | төрөл: 2008-01-08 өдөр 22:27
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (40) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



гоё бна алга ташилт nerd хайртай
Бичсэн: өга (зочин) 22:04, 2009-12-03 | Холбоос | |


çî÷èí
Äýìæèæ ÿâäàã ø¿¿, òºðèéí ¿éë÷èëãýýíèé áàéãóóëëàãà, ýìíýëýã, ñóðãóóëèóäûí ¿éë àæèëëàãààí äàõü çîãñîíãè áàéäëûã àðèëãàõ àðãà çàì îëîõã¿éãýýð íèéãìèéí îëîí àñóóäëûã óðàãø àõèóëàõ áîëîìæã¿é áèø ¿¿,Òýìæ¿¿æèí áàãøàà, òà ýíý òàëààð àæèëëàõ õýðýãòýé áàéõ.
Бичсэн: Зочин 08:56, 2009-09-15 | Холбоос | |


Монголын засаг төрийн гахайн хавдар газар авлаа
Монголын засаг төрийн гахайн хавдар дээд шатандаа төдийгүй дунд, доод шатандаа халдварласнаар энгийн иргэд төдийгүй төрийн болон төрийн үйлчилгээний мэргэжлийн олон зуун ажилчид хохирсоор, хэлмэгдсээр байна. Тэмүүжин дүү минь,чи төрийн завхарлыг их ярьж бичиж байна. Одоо хүрээгээ жоохон тэлж, төрийн болон төрийн үйлчилгээний байгууллагуудад үүсээд буй завхарлуудыг илчлэн бичих хэрэгтэй.
Бичсэн: Билгээ 17:33, 2008-04-21 | Холбоос | |


Нэг зав гарлаа
нэг зав гарч, уншлаа. Монголдоо байгаа ч ажилдаа дарагдан, муудаа биш шүү хэхэ, мэдээллээс хол их уджээ. Амжилт хүсье. Төрийн цалин гайгүй болж гэртээ нэт тавиулаад өөрийн блогийг үүсгээд үзэл бодлоо хуваалцаад суух юмсан. Эрх чөлөө гэж мөрөөдөлд минь хүртэл орших юм даа. Юмны үнэ өсөөд анхдагч хэрэгцээгээ арай ядан хангаж байна даа жирийн нэгэн төрийн албан хаагч би. Ийм хүмүүс олон л байгаа. Чадлаар нь цалинжуулаасай да. За найздаа амжилт cowboy
Бичсэн: Migmar найзаас 20:50, 2008-03-20 | Холбоос | |


Болжмороо баярлалаа. Би заавал орноо. Орноо гэж нэг мэдсэн хугацаа нь өнгөрчихсөн байна ш дээ. ээ баларсан юм. ажил ихтэй байгаад нэтэд орж амжихгүй удчихаж. tongue
Бичсэн: Tji 20:40, 2008-03-13 | Холбоос | |


дахмад л төвөг удах нь дээ... заавал өөрөө орж бүртгэл хийгээд дугаар авах юм гэнээ.3 сарын 10 хүртэл авч байгаа. Би нэрийг чинь бол өгчихсөн байгаа л даа. Таныг ороосой гэж үнэхээр хүсэж байна. Хаяг нь миний сэтгэгдэлийн дээр байх шиг байна. баярлалаа
Бичсэн: Болжмор 14:46, 2008-03-04 | Холбоос | |


big hug
тийм үү, баярлалаа. ажил ихтэй ойрд блогоороо орж амжаагүй л явсын. олон хүн зочилсон байна ш дээ. бүгдэд нь баярлалаа. тухтай орж ирж байгаад хариу бичнээ. happy
Бичсэн: Tji 11:39, 2008-02-29 | Холбоос | |


сайн байна уу. Би дур мэдээд таны блогыг шилдэг блог- 2008.д нэр дэвшүүлчихлээ шүү. уучлаарай
Бичсэн: Болжмор 08:48, 2008-02-29 | Холбоос | |


ZAAVAL OROOD GAR
http://shildeg.blog.banjig.net/ ороод нэг гарааарай
Бичсэн: shildeg 13:21, 2008-02-25 | Холбоос | |


Үнэхээр гоё нийтлэл болж надын үзэл бодол төлөвшилтэнд таны нийтлэл өгүүлэл маш эх нөлөөлдөг шүү.
happy happy
Бичсэн: ganaa1 23:25, 2008-02-14 | Холбоос | |


Сайнуу? individ Путинг ардчиллийн баг омссон фашист гэсэн чини бүүр инээд хүрчлээ. нада хэлэх муу үг олдку байсийн. Путинг байх 8н жилийн хугацаанд оросууд их л дүр эсгэсэн гэж боддог. бид нар хэрүүл уруултай байгаа ч эдийн засгийн эрх чөлөөний тухай яривал тэднийг ёстой хол хаясан даа.
Бичсэн: oyuka (зочин) 13:45, 2008-02-12 | Холбоос | |


tanii bichsen zuiluug unshdag, demjij yavdag shuu. bi huvidaa ulsturchid bodlogo yaridag bh yostoi gej boddog ternees bish hudag barih ni ulsturchdiin ajil bish l dee.
medleg tani systemtei uchraas tanii helj, bichij bgaa sanaa ih oilgomjtoi yum aa. amjilt husye. sar shiniin mend hurgeye.
Бичсэн: Leo (зочин) 23:47, 2008-02-11 | Холбоос | |


happy баярлалаа. чи ч гэсэн алс хол байгаа ч сар шинийг сайхан шинэлж, сэтгэлээрээ аз жаргалтай шинэ он тооллыг эхлээрээ big hug
Бичсэн: Tji 12:43, 2008-02-07 | Холбоос | |


сар шинэдээ сайхан шинэлээрэй. Юу санасан есөн цагаан хүсэл тань биелэх болтугай.

Бичлэгт хамаагүй ч гэсэн харьд байгаа Монгол хүн болохоор ёсоо дагаад энэ бичлэг дээр чинь бичээд үлдээчихлээ happy
Бичсэн: Болжмор 11:41, 2008-02-07 | Холбоос | |


за болчихлоо баярлалаа. Дамжиж ороод байсан юм. Одоо санал бодлоо хуваалцаж,бас ихийг уншиж мэдэж авнаа
Бичсэн: Болжмор 12:41, 2008-02-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 

Танилцуулга

Зургийн цомог

Архив